Кимчитэй гамбир (김치전 ) Kimchi Jeon

ОРЦ: 5 ш гамбир
- Шигшсэн гурил - 1 аяга
- Тэгимгару /гурил/ - 1/3 аяга
- Кимчи - 1 аяга
- Кимчины шүүс - 1/3 аяга
- Сүү - 1/4 аяга
- Ус - 1/3 аяга
- Өндөг - 1 ш
- Элсэн чихэр - 1.5 ц/х
- Давс - 1 чимх

1 аяга кимчигээ 2,5 см орчим өргөнтэй хэрчиж бэлтгэнэ.



Саванд 1 аяга шигшсэн гурил 1/3 аяга тэгимгару гурилыг хийнэ. Тэгимгару нь шаржигнасан, амттай болгоход хэрэглэгддэг. Хэрвээ тийм амттай болгохгүй гэвэл оронд нь мөн хэмжээний шигшсэн гурилыг нэмж хийгээрэй. Дээр нь 1,5 ц/х элсэн чихэр чимх давсыг хийж хольно. Таны хэрэглэсэн кимчи хэр давслаг гэдгээс хамаараад бага зэрэг давс нэмж хэрэглэж болно. Сайтар хутгаж хольсны дараа дээр нь сүү ус хоёрыг хольж хийгээд хутгана. Сүү хэрэглэхгүй эсвэл гарын доор яг одоо байхгүй тохиолдолд усыг орлуулан хэрэглэж болно.


1/3 аяга кимчины шүүс /кимчи дарах явцад байцаанаас гарсан шүүс/ 1ш өндөгийг хийнэ. Ингээд шингэн зуурмагаа хуурай гурилан бөмбөлөг үлдээлгүй сайтар хутгаж буталж задлана.


Ингээд дээр нь хэрчиж бэлтгэсэн кхимчигээ хийнэ. Сайтар хутгаад шарахад бэлэн болгоно. Шараагүй байхдаа ч их амттай арааны шүлс асгарам харагдаж байгаа биз




Хайруулын тавгандаа хангалттай хэмжээний тос хийж дунд зэргийн гал дээр халаана. Хайруулын тавагны хэмжээнээсээ хамаараад 1-2 шөлний халбагаар тарааж хийнэ. Зуурмагаа нимгэн тараана гэдгийг анхаараарай.



Гамбирны өнгөн хэсэг шарагдаад ирмэгц нөгөө талаар нь эргүүлж шарна. Шарах явцдаа халбагаар дарж өгөх нь гамбирыг илүү шарчигнасан болгоход тусална. Ингээд 2 талаар нь ээлжлэн шарж болгоод гаргана. Хэрвээ та кимчинд дуртай бол энэ гамбир танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Сэтгэгдэл: